Өнөөдөр улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр
Өнөөдөр манай улсын хувьд түүхэн өдөр тохиож байна.1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явуулж, Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн болохыг баталгаажуулсан түүхэн өдөр. Тусгаар тогтнолоо баталгаажуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр монголчууд 98,4 хувьтай санал өгч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол төрийн нэрт зүтгэлтэн, улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Монгол Улсын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөг шинэчилсэн суурин дээр нь залах ёслол өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Өнөөдөр Монголын түүхийн нэн чухал тэмдэглэлт өдөр юм. 66 жилийн өмнөх энэ өдөр Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгаараа улсынхаа тусгаар тогтнолыг дахин баталгаажуулж, дэлхий дахинаа Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлсэн гайхам үйлсийг бүтээсэн. Энэ их үйл хэргийг Х.Чойбалсангийн удирдлагаар зохион байгуулсан билээ. Улсынхнаа тусгаар тогтнолыг хамгаалж, баталгаажуулсан Маршал Х.Чойбалсангийн гавьяа зүтгэлийг бид алдаршуулж, үргэлжлүүлэх үүрэгтэй” гэлээ. Өнөөдөр мөн Х.Чойбалсангийн амьдрал, үйл ажиллагааг харуулсан “Тусгаар тогтнол” уран сайхны киноны нээлт “Тэнгис” кинотеатрт боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.