Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

“ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: - 2011/12/06 15:50 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

~ Засгийн газрын хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Оюутолгой” компани байгуулах болон автобензины 15 хоногийн нөөц бүрдүүлэх зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна ~

“Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ компани нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөнөөс гаргах, компанийн дүрмийг зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгалаа. Ер нь стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулагдах юм. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК болж байна.

МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ НӨӨЦӨӨ 2,3 САРААР БҮРДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Шатахууны нийлүүлэлтээс хамаарсан үнийн огцом өсөлт, шатахууны хомсдол үүсэх үед зарим чухал /нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг/ салбарын хэрэгцээг 15 хоног хангах зорилгоор автобензины улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 5 тэрбум төгрөгийг Эрсдлийн сангаас гаргах болов.

Одоогоор газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай, ойрын үед хангамж тогтвортой байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газрын хуралдаанд мэдээллээ. Цаашид онцгой байдлын нөөц дээр нэмж тогтмол 2,3 сарын нөөцтэй болох үүднээс Засгийн газраас дээрх арга хэмжээг авч байгаа юм байна.

Төрийн чухал үйлчилгээний хэрэгцээг хангах, газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг саармагжуулах зорилгоор 2008 онд УИХ тогтоол гарган улсын нөөцийн доод хэмжээг 2 сарын хэрэглээний буюу 120 мянган тоннд хүргэж нэмэгдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр 28,3 мянган тонн бензин, дизель түлшний нөөц бүрдүүлснээс 4 мянган тонн түлшийг 2009 оны ургац хураалтад ашиглаж, үлдсэнийг нь өнгөрсөн оны 8, 9 дүгээр сард дотоодын зах зээлд хомсдол үүсэх нөхцөл бүрдсэн учир борлуулж, мөнгийг нь төсөвт төвлөрүүлжээ.

Өнгөрсөн сард дизель түлшний хилийн үнэ 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн учир Засгийн газар шийдвэр гарган Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирэх түлшний тонн тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг тэглэсэн. Засгийн газар ийнхүү тухай бүр нь бензин, дизель түлшний хилийн үнэ өсөхөд татварыг бууруулж, хилийн үнэ буурахад татварыг нэмж байснаар дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлтийг сааруулж, тогтвортой байлгаж байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ БАТЛАВ

Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрмийг баталлаа. Энэ дүрмээр Зөвлөл нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангах, Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны байгууллагын төлөөлөл бүхий бие даасан, нийгмийн зөвшилцлийн байгууллага байх юм. Үндэсний зөвлөл нь 4 хүртэл орон тоотой байх бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулна.

Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 68 071  хүн шинээр ажилтай болжээ. Эдгээрийн 29 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм байна. Баруун бүсийн аймгуудад 8 424, Хангайн бүсэд 11 423, Төвийн бүсэд 11 281, Зүүн бүсэд 4 855 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 32 мянга 088 хүн ажилд оржээ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.

Ховд аймаг 1898 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2293, Төвийн бүсэд Төв аймаг 2349, Зүүн бүсэд Дорнод аймаг 2031 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 602 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 11 867, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 470, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7800 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.

МАНАЙ 9 ТАМИРЧИН ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЭРХ АВААД БАЙНА

Өнөөдрийн байдлаар буудлагын О.Гүндэгмаа, хөнгөн атлетикийн Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, байт харвааны Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, чөлөөт бөхийн О.Насанбурмаа, У.Чулуунбат, боксын У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар Лондонгийн олимпод оролцох эрхээ аваад байна. Түүнчлэн Паралимпийн жүдо бөхийн Б.Ганбат, П.Болортуяа, А.Мөнхбат, Д.Ганбат, М.Очирхуяг, байт харвааны Б.Оюун-Эрдэнэ, Б.Жавзмаа, буудлагын Ц.Лхамсүрэн, хөнгөн атлеттикийн Г.Мөнхбат нар эрхээ авчээ. 

Үндэсний шигшээ багийн тамирчид өвөл, зун, паралимпийн спортын 14 төрөлд насанд хүрэгчид, залуучуудын ангилалаар 142 тамирчин, 34 дасгалжуулагч  ирэх олимпод бэлтгэж байгаа тухай Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Шигшээгийнхэн тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож, энэ оны 11 дүгээр сарын байдлаар 21 алт, 61 мөнгө, 86 хүрэл, нийт 198 медаль хүртээд байна.

Цаашид Эрдэнэт хот дахь Олимпийн баазын тохижилт, материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тамирчдын хоолны газрыг шинэчлэх, бокс, хүндийн өргөлтийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх нөхцлийг бүрдүүлэх, спортын хэрэглэл, материал худалдан авах асуудлыг шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Мөн “Олимп хөгжил” сангийн ажлыг эрчимжүүлэн хөрөнгө мөнгө хуримтлуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг Сангийн Удирдах зөвлөлийн дарга, Шадар сайд М.Энхболд, орлогч дарга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгажээ.

Манай улсын баг тамирчид 11 удаа зуны олимпод оролцон 3 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн. 2008 оны Бээжингийн XXIXолимп, Паралимпийн XIIIнаадмаас 3 алт, 2 мөнгөн медаль хүртэж 204 орноос 31 дүгээр байрт шалгарсан юм.  Ирэх олимпод медалийн буухиаг таслалгүй, амжилтаа бататгах нь манай гол зорилт болоод байна.

ТОВЧ МЭДЭЭ

  • Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 10 дугаар хуралдаанд оролцсон юм. Хуралдаанд оролцсон дүнг Засгийн газар сайшааж хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгалаа.
  • Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжаар хэрэгжих хөтөлбөр, төсөлтэй уялдуулах болсон байна. Иргэд, олон нийтийн оролцоотойгоор төрийн байгууллагууд нэгдэж, хамтарч ажилласнаар хүүхдэд учирч байгаа эрсдэл, эмзэг байдал, эрхийн зөрчлийг арилгах, хүүхэд хамгааллын шинэ үйлчилгээг хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх юм. Бага насны хүүхэд, сургуультай холбоотой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд цогцоор нь дахин оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.
  • Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд шинээр баригдаж байгаа, ирэх оны 1 дүгээр сард ашиглалтад орох Хөдөлмөрийн төв биржийн байранд Хөдөлмөрийн төв бирж болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байрлуулахаар болов.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах