Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

“100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийтэлсэн: - 2011/11/30 20:24 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  агаарын бохирдлыг бууруулах,  гамшгийг зарлан мэдээлэх болон гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлах, нүүлгэн шилжүүлэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

Засгийн газрын хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв.   

Энэ дагуу хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянга, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд 25 мянга хүртэл барилга барих юм. Хавсралтад заасан барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

Хөтөлбөрт хамрагдсан барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилт олгосон банк,  санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар судлан, санал боловсруулж ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэх юм байна. Барилга, хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр боллоо. Газар чөлөөлөх, хамгаалалтад авах, техникийн нөхцөл олгох, зураг төслийг хянаж, зөвшөөрөх, магадлал хийх, барилгын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг тухай бүр нь шуурхай гаргаж байхыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн I, III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг улирал тутам танилцуулж байхыг сайд Л.Гансүх, Д.Зоригт, Х.Баттулга нарт даалгасан байна. Төлөвлөгөөний дагуу агаарын чанарыг сайжруулах бүс тогтоон, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тооцоо, судалгаа хийх, шалгуур хангасан айл өрхийн цахилгааны үнийг 50 хувь бууруулах, 5, 6 дугаар цахилгаан станцын барилгын ажлыг энэ онд эхлүүлж 2013 онд эхний ээлжийг ашиглалтад оруулах, нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, хагас коксжсон түлшний цогцолбор байгуулах,  хийн түлш ашиглах гэрийн зуух бүтээж турших, шаардагдах хөрөнгийг босгохын тулд Засгийн газрын бонд гаргах, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. УИХ-ын тогтоолын хүрээнд 2011-2012 онд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд 80 хувиар бууруулж, 2013-2014 онд хотын агаарын чанарыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу стандарт түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна.

ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛНЭ

“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хүн амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн /үүрэн телефоны холбооны сүлжээ, цахим мэдээллийн сүлжээ ч энд багтана/ хэрэгсэл ашиглан нэн даруй хүргэж байх юм.

Ингэхдээ гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл гэсэн хоёр ангилалтай байхаар журамд тусгажээ. “Гамшгийн аюулын тухай дохио” гэдэгт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр богино хугацаанд оновчтой хэлбэрээр мэдээлэх гэж тодотгожээ.

Харин сэрэмжлүүлэх мэдээлэл гэдэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийн үндсэн дээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор урьдчилан мэдээлэхийг хэлж байгаа юм. Зарлан мэдээллийг бүх нийтийн болон хэсэгчилсэн гэж ангилсан байна. Мөн хуралдаанаар “Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталлаа. Тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчингүй болсон үед гамшгаас хамгаалах дайчилгаа зарлана.

Мөн хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн, голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авах үед, үер буусан болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүсэхэд дайчилгаа зарлах юм. Түүнчлэн ой, хээрийн болон обьектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид аюул учирсан болон бусад тохиолдолд дайчилгаа зарлахаар журамд тусгажээ.

Гамшгаас хамгаалах дайчилгаанд гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, мэргэжлийн анги болон сайн дурынхан хамрагдах юм байна. Шат шатны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэртээ дайчилгаа зарлах бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагаас гадна цэргийн алба дүйцүүлэн хааж байгаа иргэд, хөдөлмөр эрхлээгүй иргэд, тэдгээрийн техник хэрэгсэл ч хамрагдах юм. Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг зэрэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хүч, хэрэгслийг татан оролцуулах болбол хуулийн дагуу Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид санал тавьж шийдвэрлүүлж байх зэргийг журамд тусгасан байна. Мөн гамшгийн голомтоос болон учирч болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар аюулгүй орчинд шилжүүлэн байрлуулахыг тусгасан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталлаа.

ТОВЧ МЭДЭЭ

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар сарын 17-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улс, Ватикан Улс, Бүгд Найрамдах Хорват Улсад хийсэн албан ёсны айлчлал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийсэн  ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
  • ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн энэ оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо. Канцлерийн айлчлалыг амжилттай болсон гэж Засийн газар үзсэн байна.
  • “Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Хэлэлцээр батлагдвал 5 сая 50 мянган еврог дээрх салбарт зарцуулах боломжтой болох юм.
  • Энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайд бөгөөд тус хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгалаа.
  • “Алтан дорнод Монгол” компаниас их хэмжээний төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Ажлын хэсгийн тайлантай танилцав. Үүнтэй холбогдуулан тус компанийн татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээний төслийг ажлын хэсгийн хүрээнд боловсруулан ирэх оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн дарга Д.Баттөрд даалгалаа. Ажлын явцыг жилд 2 удаа Засгийн газарт танилцуулж байхыг үүрэг болгосон байна.
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжиж, өргөн мэдүүлэхээр боллоо.
  • Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Гаалийн улсын байцаагч нь тухайн байгууллагад нэгээс доошгүй жил ажилласны дараа төрийн албанд нийт ажилласан хугацаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг нь харгалзан зэрэг дэв олгох юм. Тухайлбал тэргүүн түшмэл нь 25 ба түүнээс дээш төрийн алба хаасан байх ёстой бол туслах түшмэлийнхийг 8 ба түүнээс дээш жил гэж тусгажээ. Мөн хуралдаанаар “Татварын улсын байцаагчид олгох ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ыг баталсан байна.  Улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байх юм.
  • “Албадан хөдөлмөрийн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29, “Албадан хөдөлмөрийг устгах тухай” 105 дугаар Конвенцийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газраас хийсэн ажлын тайлангийн төслийг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан тайланг Олон улсын хөдөлмөрийн байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах