2012 ОНЫГ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАЛАА
Монгол Улсын Засгийн газар 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж 70 гаруй мянган байнгын ажлын байр шинээр бий болгосон. Энэ ажлыг үргэлжүүлж, ажилгүйдэл, ядуурал гэсэн ойлголтыг бүрмөсөн халахын тулд 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгож байгаагаа өнөөдөр болсон шинэ оны анхны хуралдаанаараа албан ёсоор зарлалаа.
“Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл өрх юм. Өрхийн амьжиргааг бүх шатандаа дэмжих ёстой. Тиймээс ч 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хөгжлийн хөтөлбөрийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Өрхийн амьжиргааг бүх шатанд дэмжих ёстой. Энэ бол Засгийн газрын үндсэн үүрэг. Тэр тусмаа бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах бодлого баримталсан хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.
Бага орлоготой өрхийг дэмжихдээ дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус байнгын ажлын байраар хангах, тэтгэлэг, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа эсэх, чадаагүй бол хэрхэн хамруулах зэрэг асуудлыг бүхэлд нь авч үзнэ. Мөн хүмүүсийн идэвх санаачилгатай ажиллах амьдралын арга хэлбэрийг илүүтэй урамшуулна. Энэ нь халамжийг хавтгайруулах биш, илүү үр дүндтэй, өгөөжтэй зорилтот бодлого болж хэрэгжих ёстой. Энэ бүхэн “Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн гол цөм байх болно. Санхүү, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулсан бодлогоо ойрын үед тодорхой болгоно” гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд мэдэгдлээ.
Энэ хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн улсын зөвлөлгөөнийг ирэх сард хийнэ гэдгээ тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ зарлалаа. Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг ажил болгох, үр дүнд хүргэх эсэх нь дан ганц Засгаас бус нөгөө талаас иргэдээс шууд хамаарна. Хамтын зүтгэл, хамтын хариуцлагаар бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгож зарласны үр дүнд 70 гаруй мянган ажлын байр шинээр бий болгож чадсан. Энэ ажил энэ онд ч үргэлжлэх юм. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог Засгийн газрын тэргүүн С.Батболд ахална.
Эдийн засгийн өсөлтийн үр шимийг шууд хүртэж чадахгүй байгаа өрхийг өөрсдийнх нь оролцоо, санаачилгад тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт зэрэг багц үйлчилгээгээр дэмжиж, Мянганы хөгжлийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих нь энэ жилийн ажлын гол зорилго гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.
Өрхийн хөгжлийг дэмжих энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Энэ арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах юм байна. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, одоогийн хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээтэй уялдуулах юм.
“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, тухайн салбар болон орон нутгийн хэмжээнд бага орлоготой өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг Үндэсний хороонд улирал тутам хүргүүлж байх үүргийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өглөө.
Түүнчлэн Засгийн газар нийгмийн халамжийн тогтолцоог үр ашигтай болгож, ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, өрхөд чиглүүлж, хамрах хүрээг нь оновчтой тогтоох, тэтгэмж, тусламжийн хэмжээг нэмэх, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор холбогдох хуулийг шинэчлэхээр УИХ-аар хэлэлцэж байна. Халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинд ойртуулж нэмэх, тэтгэвэрт тавьдаг олон шалгуурыг өөрчилж, “Нийгмийн даатгалын сан”-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настанд халамжийн тэтгэвэр авах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ.
Энэ оноос нийт өрхийн 60 хувийн мэдээллийг багтаасан санг ашиглалтад оруулна гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Ингэснээр нийгмийн халамж төдийгүй нийгмийн зориулалттай бусад хөтөлбөр, төсөлд хамруулах өрхийг амьжиргааны түвшинг нь үндэслэн бодитой, оновчтой тодорхойлох боломж бүрдэх юм байна. Мөн нийгийн суурь тэтгэврийг бий болгож дундаж тэтгэврийн хэмжээ доогуур, тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа ахмадуудад байгалийн баялгийн орлогоос хүртээхийн тулд холбогдох хуулиин төслийг УИХ-д өргөн барьжээ. Төсөл батлагдсанаар нийгмийн даатгал, түүний дотр тэтгэврийн шнэчлэлийн тулгамдсан асуудлуудыг тэтгэвэр авагчид, ахмад настнуудад ээлтэй байдлаар шийдэх боломж бүрдэх юм.
Засгийн газар цалин хөлсийг үе шаттайгаар нэмнэ. Үүний зэрэгцээ ажлын байр олоход хүндрэлтэй байгаа иргэд, малчид, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ. Хамтарсан Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орлого багатай өрхийн орон сууцны нөхцөлийг сайжруулна. Үүний зэрэгцээ бага орлоготой өрхийн эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа талаараа Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа.
ГАЛД ӨРТӨЖ ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ИРГЭДЭД ГЭР ОЛГОНО
2011 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар баг, Ивээл хорооллын 17 дугаар байранд гал гарч 22 айлын 85 иргэн орон гэргүй болжээ.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн орон гэргүй болсон 22 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо.
МАЛЫН ТОО ТОЛГОЙ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС 10 ХУВИАР ӨСЧЭЭ
Засгийн газрын 2012 оны анхны хуралдаанаар мал тооллогын 2011 оны урьдчилсан дүнг танилцууллаа. Энэхүү дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005,8 мянган толгойд хүрч, өмнөх жилийнхээс 3276,3 мянга буюу 10,0 хувиар өслөө. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой 2093,0 мянга, үхэр 2315,1 мянга, тэмээ 279,6 мянга, хонь 15509,1 мянга, ямаа 15809,0 мянгад хүрч, өнгөрсөн оныхоос адуу 172,7 мянга, үхэр 139,1 мянга, тэмээ 10,0 мянга, хонь 1028,7 мянга, ямаа 1925,8 мянган толгойгоор өслөө.
Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсөж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1,8-22,2 мянган толгойгоор буурсан байна.Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос 5 төрөл дээрээ өсчээ. Өвөрхөнгай, Архангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд хамгийн өндөр өсөлттэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 аймагт Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг орж байна.
АМЬТАН, УРГАМЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “ Амьтан ургамлын үндэсний хүрээлэн“ байгуулахаар шийдвэрлэлээ. Хүрээлэн байгуулах газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, БОАЖЯ-тай хамтран ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатад үүрэг болголоо.
Төслийн хүрээнд 12000 орчим га талбайд модлог, бутлаг ургамлын төрлийг нутагшуулан ургамлын төгөл бий болгох, голын хөндийд байгалийн зарим зэрлэг жимс болон эмийн ургамлыг тарих, 20 орчим төрлийн зэрэг амьтан нутагшуулах, махчин амьтан болон чоно, баавгай, ирвэс, шилүүсээс бүхий бичил зоо парк, жуулчны бааз байгуулах юм. Мөн байгалийн өвөрмөц тогтцод тулгуурласан хиймэл нуур бий болгож усан спорт, наран шарлага, явган аялал, амралт рашаан сувилал, өвлийн спорт-аялал жуулчлал зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.