2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд говийн аймгуудаар хийж байгаа албан томилолтынхоо үеэр ингэж мэдэгдлээ. Тэрбээр 8 дугаар сарын 25 ны өдөр Зүүнбаян, Цагаан элсний бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй “Доншен” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компани нь одоогийн байдлаар туршилтын олборлолт явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр жилийн эхнээс хойш 328739 баррель нефть олборлоод байгаа аж. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн олборлолтын горимд шилжих ажээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат нь 2010 онд дуусах бөгөөд цааш 20-30 жил олборлолтын үйл ажиллагаа эрхлэх боломжтой юм байна. Нийт 177 сая баррель түүхий тосны нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая хэмээн Ерөнхий сайдад танилцуулж байлаа.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт газрын тосны боловсруулах үйлдвэр барихад доод тал нь нэг сая тоннын хүчин чадалтай технологи бүхий үйлдвэр барих шаардлагатай юм байна. Одоогийн байдлаар ийм үйлдвэр байгуулах хүсэлтэй арав гаруй компани мэргэжлийн байгууллагуудад хүсэлтээ хүргүүлээд байгаа ажээ. Байгаа энэ боломж нөөц дээрээ түшиглээд Монгол Улс өөрсдөө газрын тосны бүтээгдэхүүнтэй болох эх үндэс бүрдэж байгаа бөгөөд 2014 онд боловсруулах үйлдвэр байгуулна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ.
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь хараат байдаг байсан бол одоо үүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох цаг тун ойртжээ. Улс төрийн түвшинд олон жил яригдаж байгаа газрын тосны боловсруулах үйлдвэр барих том ажлыг Сайншандын аж үйлдвэрийн паркийг түшиглэн босгохоор Засгийн газар зорьж байна.
Ураны талаарх мэдээллийг Монголын ард түмэнд нээлттэй байлгахыг Ерөнхий сайд хүслээ
Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр Франц улсын “Арева” группын ураны хайгуулын явцтай танилцлаа. Дэлхий дахинд эрчим хүчний салбарт тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Арева” групп нь Франц улсын төрийн өмчит компани юм. Тус групп өнгөрсөн онд 8.630 тонн уран үйлдвэрлэсэн бөгөөд Канад, Казахстан,Нигер зэрэг улсад олборлолт хийдэг аж. Тус компанийн салбар болох “Кожеговь” компани нь 1997 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тэд ураны бүтээгдэхүүн болох “шар нунтаг” үйлдвэрлэх зорилготойгоор Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутагт ураны хайгуулын ажлыг хийж эхлээд байгаа юм байна.
Шар нунтагийн эхний үйлдвэрлэлийг 2015 онд гаргана хэмээн төлөвлөжээ. Харин 2010-2011 онд тус компани газар дор уусган олборлох туршилт явуулах гэж буйгаа Ерөнхий сайдад танилцуулж байв. Одоогийн байдлаар манай улсад 10000 тонн орчим ураны нөөц илрээд байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэх магадлал тун өндөр байгааг францын мэргэжилтнүүд тайлбарлаж байсан. Мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд тэднээс хоёр зүйлийг лавлав. Ураны хайгуул хийж байгаа “Арева” компанийн үйл ажиллагаа Монголын ард түмэнд нээлттэй байх ёстой. Энэ талаар юу хийж байгаа болон орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтарч ажилладгийг нь сонирхлоо. Тэдний хэлснээр монголчуудын хувьд шинэхэн танил төдийхөн байгаа ураны талаар Дорноговь болон Зүүнбаянд хоёр ч удаа нээлттэй мэдээлэл хийсэн тухайгаа дурдаад эндээс иргэд анхан шатны мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв.
Ажил өргөжихийн хэрээр ажлын байр бий болгож, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх бодолтой байгаагаа ч мэдээлсэн. Тухайлбал, Казахстан болон Францад энэ чиглэлээр монголчуудыг сургах ажил эхлээд байгаа юм байна. Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй дэмжлэг үзүүлж буйгаа ч дурдлаа. Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад анхаарч энэ тал дээр Цөмийн энергийн газартай холбоотой ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд зөвлөлөө