300 ортой Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг ирэх жил ашиглалтад орно
Өнгөрсөн жил Нэгдүгээр амаржих газрын засварын хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар богино хугацаанд шийдвэрлэж, иж бүрэн засварлаж ашиглалтад оруулсан. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэр үед энэ бол эх үрсийнхээ төлөө хийх бидний ажлын эхлэл хэмээн тэмдэглэж байлаа. Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болж яг нэг жилийн дараа буюу өнөөдөр, 2011 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэгт Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Улаанбаатар хотын удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан болон уг эмнэлгийг барих “Нийслэл өргөө”, “ПУМА” констаркшнийн удирдлага, барилгачид оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шав тавих ёслолын үеэр хэлэхдээ “Төр засаг эрүүл мэндийн салбартаа, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллаж байна. 10 аймагт тус бүр 50 ортой төрөх эмнэлэг барихаар төлөвлөсөн. Барилгын ажил нь одоо эхнээсээ явж байна” гэлээ. Мөн өнгөрсөн жил Нэгдүгээр амаржих газраа шинэчилсэн, одоо дэргэд нь төрөх эмнэлгийн өргөтгөл барьж томсгож байгаа. Гуравдугаар амаржих газрыг энэ онд шинэчилж барихаар холбогдох хүмүүст үүрэг өгөөд ажиллаж байгаа гэдгийг хэлээд сүүлийн 20 гаруй жилд эрүүл мэндийн салбарт ийм том хөрөнгө оруулалт бүхий цогцолбор байгууламж ашиглалтад ороогүй.
Тиймээс энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байна. Монгол Улсын хүн ам сүүлийн жилүүдэд эрс өсч байна. Тиймээс ийм том төв барих гарцаагүй шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд барилгын ажлыг гүйцэтгэх хоёр компанийн удирдлагуудад, тэдний ажилчдад хандаж эмнэлгийн барилгыг төлөвлөсөн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахыг онцгойлон анхаарууллаа. Эмнэлэг, ор хүрэлцэхгүйгээс хүүхдүүд, эхчүүд эмнэлгийн хонгилд ор засан хэвтэн эмчлүүлж байгаад сэтгэл өвдөж байлаа гэж Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлээд тиймээс бид өнөөдөр ярих биш хийх ёстой байна гэлээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах явцдаа 16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг эх орондоо барихаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж нааштай шийдвэрлүүлэхээр болсон.Мөн БНСУ-д улсад айлчлах үеэрээ тус улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны ололтыг манай улсад нэвтрүүлэхээр ярилцсан. Энэ хүрээнд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Үндэсний оношлогооны төв барих болсон. Энэ талаар холбогдох хүмүүс анхаарч ажиллаж байгаа гээд монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай, орон сууцтай байх учиртай. Энэ зорилтын төлөө анхаарч ажиллаж байна. Монгол хүн эрүүл байх нь хамгийн чухал. Иймд манай Засгийн газар эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.
Эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийх шаардлагатайг Монгол Улсын Ерөнхий сайд тэмдэглэж, ажил хэрэг болгох үүргийг өгөөд байгаа. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас тус салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөөг баталж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нааштай ахиц гарч эхэлсэн. Өнөөдөр шаваа тавьсан Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг ч энэ хүрээнд хийгдэж буй ажлын нэгэн чухал хэсэг юм. Хан-Уул дүүргийн Яармагийн дэнжид сүндэрлэх найман давхар, 300 ортой энэхүү Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэгийн барилгын ажлыг ирэх жилийн дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөсөн бөгөөд улсын төсвөөс 19 тэрбум төгрөг төсөвлөжээ. Уг эмнэлэг нь Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн дагуу баригдаж байгаа бөгөөд энэ орчмыг эрүүл мэнд, спорт олимпын цогцолбор болгох зорилт тавьжээ