Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд байгалийн гамшигт амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо

Нийтэлсэн: - 2012/03/11 11:10 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ , Үйл явдал / Event , Үйл явдал

Одоогоос яг нэг жилийн өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр  Японы Зүүн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 16 мянга гаруй хүн нас барж япон улсын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их гамшиг учирсан. Байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг энэ өдөр япончууд хүндэтгэн мэхийн ёсолж, тэдний гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийж байна.

Япон Улсын Үндэсний театрт амь үрэгдэгсдийг хүндэтгэх ёслолын ажиллагаа болж Японы Цог Жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан, Японы Ерөнхий сайд Ё.Надо болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, Японы ард иргэд оролцлоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн оролцсон нь гадаадын төлөөлөгчдийн дундаас хамгийн өндөр түвшний зочин хүндэтгэл үзүүлсэн нь энэ байлаа.

Энэхүү ёслолын ажиллагаа Токиогийн цагаар 14.30-д Эзэн хаан морилон ирснээр эхэлж, Японы Төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд цугласан хүмүүс хүндэтгэн босож дуулцгаалаа. Үүний дараагаар 14 цаг 46 минутад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогслоо. Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода, Эзэн хаан болон амь үрэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл үг хэлээд цэцэг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд цэцэг өргөнө хэмээн танхимд танилцуулсны дараагаар тус улс дахь Дипломат төлөөлөгчийн  120 гаруй газрын нэрсийг цагаан толгойн дарааллаар дуудаж танилцуулахад  тэргүүнүүд нь  хүндэтгэн цэцэг өргөлөө. Гамшигт өртөж амь насаа алдсан иргэдээ дурсан санаж, дурсгалыг нь хүндэтгэх энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсонд япончууд талархаж байлаа.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын дотно түнш, манай орны “гуравдахь хөрш” Япон Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн сэтгэл харамгүй тусламж, дэмжлэгт монголчууд талархаж байдаг юм.

Японы ард түмэнд тохиолдсон энэхүү гамшгийн тухай мэдээг Монголын ард түмэн  сэтгэл эмзэглэн хүлээн авч, орон даяар хандивын хөдөлгөөн өрнөж, хүүхэд залуусаас настан буурал хүртэл бүх хүмүүс эрвийх дэрвийхээрээ мөнгө, хөрөнгө цуглуулж гамшгийн бүсэд илгээж байсан.

Монгол Улсын Засгийн газраас энэ гамшигтай холбогдуулан 2011 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Япон улсын Засгийн газарт 1 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлж, 2500 ширхэг дулаан хөнжил, ноолууран цамц 800, ороолт оймс зэрэг тусламжийн барааг өөрийн онгоцоор Японд хүргэсэн билээ. Мөн хувь хүн, албан байгууллагаас 2  тэрбум 100 сая орчим төгрөг хандивласныг Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яаманд гардуулж өгч байсан юм.

Монголын ард түмэн цаашид ч Японы ард түмэнтэй хүнд бэрх цагт ч, хөгжлийн түүхэн үед ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно гэдгээ Японы хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө хэлсэн. Мөн  ажилч хичээнгүй, хөдөлмөрч баатарлаг Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт бид бат итгэлтэй байгаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлал 3 дугаар сарын 12-нд эхэлж байгаа ч Японы ард иргэдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү ёслолд оролцохын тулд айлчлалаа нэг өдөр урагшлуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах