Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Сонгуульд ялах намын нэр дэвшигчийг дэмжинэ, яагаад гэвэл...

Нийтэлсэн: - 2016/06/26 09:33 - Мэдээ, мэдээлэл , Фото мэдээ , Фото мэдээ , Үйл явдал / Event , Үйл явдал


Энэ үгийг Сүхбаатар дүүргийн сонгогчид нэр дэвшигч С.Батболдтой уулзах үеэр хэлж байлаа. Учир нь, энэ удаагийн сонгуульд хувь хүн, хувь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Зөвхөн ялсан намын мөрийн хөтөлбөр л хэрэгжих учраас сонгуульд ялах намын нэр дэвшигч С.Батболдыг дэмжинэ. Тэгж байж тойрогтоо ажил хийлгэнэ. Түүнээс бус ялагдах намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгч дүүргээрээ сөрөг хүчин болмооргүй байна гэдгийг Сүхбаатар дүүргийн сонгогчид өнөөдрийн уузалтын үеэр онцолж хэллээ. Ингээд УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хорооны сонгогчидтойгоо хийсэн уулзалтын сурвалжлагыг дэлгэрэнгүй хүргэе. Нэр дэвшигч С.Батболд эхлээд 12 дугаар хорооны айл өрхийн аж амьдралтай танилцаж, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрийн биеэр гэрт нь очиж сонслоо.


Сонгогчид Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд сургууль, цэцэрлэг байгуулж өгөхийг хүслээ

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд бие даасан сургууль, цэцэрлэг огт байдаггүй юм байна. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр 2012 онд тус дүүргээс УИХ-д сонгогдохдоо сургууль цэцэрлэг барина гэж амласан ч өдий хүртэл нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй гэдгийг тус хорооны иргэн Я.Раднаабазар нэр дэвшигчид учирлав. Тиймээс С.Батболд УИХ-д сонгогдож ирэх дөрвөн жил тус хорооны сургууль цэцэрлэгийн багтаамж, хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.


Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “МАН-ын мөрийн хөтөлбөрт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Тухайлбал Ерөнхий боловсролын сургуулиуд гурав биш хоёр ээлжээр хичээллэх орчныг бүрдүүлнэ. Мөн Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт дүүрэг хороо бүрт нэг цэцэрлэг, нэг сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэдгийг онцолж хэлсэн. Нэр дэвшигч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Я.Раднаабазарынд зочилж, тэдний амьдралтай биечлэн танилцсан юм. Я.Раднаабазар эхнэр 9 хүүхдийн хамт амьдардаг байна. Хүүхдүүд нь их, дээд сургууль төгссөн ч ажлын байрны хүрэлцээ муу байгаагаас хөдөлмөрийн насны дөрвөн хүүхэд нь ажилгүй гэртээ ээж аавтайгаа байгаа аж. Хамгийн бага охин нь арван настай ч эхээс төрхдөө тархиндаа харвалт өгснөөс болж явж чаддаггүй байнгын асаргаанд байдаг бөгөөд эхнэрийнхээ тэтгэврийн мөнгөөр хоолтой хонож байгаагаа учирлаж байв. Я.Раднаабазар “хүүхдүүд маань бүгд ажилтай болчихвол амьдрал минь сайжирна” гэдгийг нэр дэвшигчид хэлэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд ажлын байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд анхаарал хандуулахыг хүсэв

Дараа нь, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдарч буй Дорнод аймгийн угуул До.Ганхуяг гуайнд нэр дэвшигч С.Батболд зочиллоо. Нэр дэвшигч С.Батболд өөрөө Дорнод аймагт төрж, өссөн учраас До.Ганхуяг гуайтай нутаг орон, ээж аавынхаа талаар хуучилсан юм. До.Ганхуяг гуай таван хүүхэдтэй бөгөөд хүүхдийн нь хоёр нь ажил хийж, нэг нь ажилгүй, хоёр нь сургуульд сурдаг байна. До.Ганхуяг гуай орон сууцанд орох хүсэлтэй ч орлого нь хаана ч хүрэхгүй байгааг учирласан. Харин одоо байгаа хашааны газрыг нь дахин төлөвлөлтөд хамруулж орон сууцжуулах асуудал дөрвөн жил яригдаж байгаа ч ажил хэрэг болохгүй байгааг хэлсэн.


Нэр дэвшигч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрээс 7 буудал хүртэл дулаан, бохир, цэвэр усны дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж хашаандаа амины орон сууц барьж, ипотекийн зээлд хамруулна гэдгийг хэлж байв.

Жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлнэ


Хашаандаа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бүтээлч айл өрх Сүхбаатар дүүргийн 12-р хороонд олон байна. Тухайлбал, цагаан шохойг хэвэнд оруулж бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж зарж буй Д.Эрдэнэбаярын гэр бүлийнхэнтэй уулзлаа. Өөрөө, мөн эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй тэд хэний ч гар харалгүй өөрсдийн бизнесээ эхлүүлэн сайхан амьдарч байгааг нэр дэвшигчид хэлж байв. Харин бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй ч зээлд хамрагдаж чадахгүй байгааг хэлж байв. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Итгэлийн сан” байгуулж бизнес эрхлэгчдийг дэмжиж барьцаа хөрөнгөгүйгээр бага хүүтэй зээл олгох боломжийг бий болгоно гэдгийг нэр дэвшигч С.Батболд хэлсэн. Бизнес эрхэлж, ажлын байр нэмэгдүүлж буй иргэн, аж ахуйн нэгжийг зөв бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

Дараагийн зочилсон хөдөлмөрч айл бол Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амьдран суудаг Х.Батнасангийнх. Эднийх хоёр хүүхдийнхээ хамт хашаандаа гурван бүлээрээ амьдардаг аж. Хүүхдүүд нь барилга заслын ажил хийдэг болохоор 48 ам мерт бүхий байшингаа сайхан тохижуулж, тухтай сайхан амьдарч байгааг хэлж байв. Нэр дэвшигч С.Батболд цаашид гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг дэмжиж хашаандаа орон сууц барьж, тухтай орчинд амьдрах айлууд олон болох ёстой гэдгийг хэлсэн.


Нэр дэвшигчийг Сүхбаатар дүүргийн 12-р дугаар хорооны айл өрхүүдээр орж, аж амьдралтай нь танилцах үеэр ажилгүй, орлогогүй хүнд нөхцөлд амьдарч байгаагаа аминчлан хэлж байсан иргэн олон байсныг энд дурдах ёстой. Сонгогчид нэр дэвшигч С.Батболдод ард иргэддээ ажилтай болгохын төлөө зөв бодлого хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулахын хамт түүнд амжилтыг хүслээ.

Ингээд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийн 12-р хорооны айл өрхийн аж амьдралтай танилцсаны дараа үдээс хойш 15.00 цагаас 23.00 цаг хүртэл Сүхбатар дүүргийн 11, 12, 13, 14-р хорооны сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.



Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах