Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдтэй уулзахдаа хэлсэн үг

Нийтэлсэн: - 2010/08/14 03:43 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдтэй уулзахдаа хэлсэн үг/Хөгжлийн төлөө Хүн хамгийн үнэт баялаг/
2010.08.14

Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт иргэд ээ.
Онгод найргийн унаган авъяастан, энэ нутгийн уугуул их найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн магтан бахдан шүлэглэсэн Хөвч ногоон хангай, хөшиг номин тал, уудам цэнхэр говь хосолсон улс монголын галавт нутгийг эзэгнэгхэн суугаа хөдөлмөрч хичээнгүй, оюунлаг авъяаслаг Өвөрхангайчууддаа Засгийн газрын тэргүүний хувиасаа болон хамт яваа албаны нөхдийн халуун дотно мэндийг дэвшүүлье. Орон нутагт ажилласан бидний олон хоногийн томилолт маань Өвөрхангайгаар эхэлж бас өндөрлөж байна. Эхлэл нь эртний түүхт нийслэл Хархорин, бариа нь домогт Арвайхээрээр овоглосон хот. Ердийн нэг тохиолдол биш ерөөл бэлэгдэлтэй гэж бодож байна. Эх орны хөгжил, их бүтээн байгуулалтын явц Арвайхээрийн хурдаар урагшлах болтугай хэмээн бэлэгшээж байна.

Эрхэм нөхөд өө
Бид олон аймгаар явж, олон хүнийг сонсож, орон нутгийн дүр төрх, ажил байдлыг өөрийн биеэр үзэж, мэдэрлээ. Засгийн газрын зүгээс ч, орон нутгийнхны талаас ч бодох сонсох зүйл, хийх ажил, шийдэх асуудал их байна. Юуны өмнө Та бүхэндээ Засгийн газрын зүгээс хийж байгаа болон ойрын ирээдүйд хийхээр төлөвлөж буй ажлаасаа тоймлон танилцуулъя. Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаад 9 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх бодит алхам хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллалаа.

Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд эдийн засаг, нийгмийн салбарт эргэлт, сэргэлт болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүд ам яриа, бичиг цаасны хэлбэрээсээ ажил хэрэг, бодит бүтээн байгуулалт болж эхэллээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ 4 дүгээр сарын эцсээр байгуулагдсанаар ажил хэрэг ид өрнөж байна. Одоо тэнд 3000 гаруй хүн өдөр шөнөгүй ажиллаж байгаагаас 2300 шахам нь мэргэжилтэй монгол ажилтан, ажилчид юм.

Цаашид нийтдээ 5700 гаруй хүн ажиллана, бүхэл бүтэн тосгон суурин болж, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий өндөр хүчин чадлын үйлдвэр уурхай ойрын жилд босно. Олон жилийн яриа, маргаан түүх болон үлдэж, одоо бодит ажил хэрэг, бүтээн байгуулалтаар бүх зүйл хэмжигдэх боллоо. Ингэснээр энэ орд газрын хувь, хишгээс иргэн бүр хүртээд эхэлчихсэн. Дараагийн ээлжинд Таван толгойн орд газрын ажлыг эхлүүлэх гэж байна. Бодлого, чиглэлээ Улсын Их Хурлаар батлуулчихсан. Энэ бодлогын гол зорилго нь монгол хүн бүртээ хувьцаа эзэмшүүлж, байгалийн баялгаар баталгаажсан өмчийн эрхтэй болгоход оршиж байгаа юм. Мөн үндэсний компани, аж ахуйн нэгж, үндэсний мэргэжилтэн боловсон хүчнээ нэн түрүүнд дэмжиж, ажлын байртай болгох давуу эрхийг эзэмшүүлэх бодлого барьж байгаа.

Энэхүү шийдвэр нь малыг малчдад, орон сууцыг иргэдэд, газрыг хувьд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц ач холбогдолтой түүхэн алхам боллоо гэж үзэж байна. Одоогийн хурдаар ажил хэрэг цааш өрнөвөл 2012 оноос Таван толгойн орд газрын, 2013 оны дунд үеэс Оюу толгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эдээ экспортод гаргаж эхлэх болно. Оюу толгой, Таван толгой ордоос гадна манай хувийн хэвшлийнхэн гадаад дотоодын зах зээлээс хөрөнгө мөнгө босгож, Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, дэд бүтэц, дагалдах бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа монголчууд өөрсдийн мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж байгуулж байгаа. Ийнхүү уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтууд эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ.

Стратегийн орд газруудад бүтээн байгуулалтын ажил эхлүүлснээр эдийн засаг, нийгмийн зарим нааштай хандлага гарч байна. Шинээр ажлын байр нэмэгдэж байна. Оны эхний 5 сарын байдлаар зөвхөн уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдлээ. Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор гадаад худалдааны эргэлт оны эхний хагас жилд 50 гаруй хувиар өслөө. Орд газарт манай олон арван аж ахуйн нэгж, байгууллага бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж, харилцаа холбоо, тээвэр, нийтийн хоол зэрэг олон чиглэлээр ажил үйлчилгээ хамтран гүйцэтгэснээр тэдний ашиг орлого тогтмолжиж эхэллээ.

Хамгийн гол нь тэдний ажлын шаардлага, нийгмийн хариуцлага нь өндөржиж, олон улсын нийтлэг стандарт руу ойртож байгаа явдал юм. Төрийн бодлого бол ашигт малтмалыг түүхийгээр нь экспортод гаргах бус, эхний ээлжинд угаах, цаашид боловсруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн, үнэ цэнэд хүрсэн эцсийн бүтээгдэхүүн болон экспортолоход чиглэж байгаа. Иймд Засгийн газар нүүрсийг боловсруулан кокс гаргах үйлдвэр, хийжүүлэх үйлдвэр, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэр, төмрийн үйлдвэрүүдийг бий болгох, улмаар аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хөтөлбөр, төслийг боловсруулж байгаа төдийгүй зарим үйлдвэрийн ажлын эхлэл суурь тавигдаж, ажил өрнөж байна.

2011-2014 онд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар Монгол улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус, боловсруулах эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох боломжтой болно. Хэдэн мянган шинэ ажлын байр бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 2-3 дахин өсч, нэг хүнд ногдох хувь хэмжээ эрс нэмэгдэж, хүмүүсийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна. Ийнхүү уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад аж үйлдвэржүүлэлт эрчимтэй хөгжих нөхцөл боломж, хэрэгцээ шаардлага аль аль нь бүрдэж байна.

Дэд бүтцийн салбарт ч томоохон ажил өрнөж эхэлсэн. Засгийн газар саяхан Улсын Их Хурлаар “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлууллаа. Ингэснээр ирэх 4 жилд 1000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөж байна. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын байрны шинэ их нөөц юм. Мөн 2011-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг бүхэлд нь сэргээх, нийслэл хот болон хүн ам төвлөрсөн хот суурин, аймгийн болон бүсийн төвийн инженерийн шугам сүлжээ, дулааны цахилгаан, зам тээврийн дэд бүтэц, хот суурины тохижилт, ногоон байгууламж, орон сууц, барилгажилтыг цогцоор шийдэх их ажлыг эхлүүлж байна. Ингэснээр олон мянган хүн ажлын байраар, олон айл өрх орон сууцаар хангагдаж, иргэдийн тав тухтай амьдрал, эрүүл аюулгүй орчин нөхцөл бүрдэнэ.

Нийгмийн захиалга, хэрэгцээ шаардлагын дагуу боловсролын шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай дэлхийн жишигт нийцсэн тогтолцоог бий болгох, өнөөгийн хүүхэд багачуудад олон улсын түвшний ерөнхий боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг бид зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өрсөлдөх чадвартай цөөн их дээд сургуулийг буй болгох зорилтыг хэрэгжүүлэхдээ бүтцийн өөрчлөлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой гэсэн чиглэлийг удирдлага болгож байна. Энэ шийдвэр хэрэгжсэнээр төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тоо 42 байсан бол 16 болж цөөрлөө.

Засгийн газраас “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг баримтлан төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгаа. Эхний ээлжинд ШУТИС-ийг Налайхын ойролцоо Шивээтийн хөндийд байгуулахаар төсөл боловсруулж байна. Хотхон байгуулах хөрөнгөний асуудал шийдэгдэж байна. БНХАУ-аас олгох 270 сая юаны буцалтгүй тусламжийг ШУТИС-ийн хотхоны бүтээн байгуулалтад зарцуулахаар санхүүжүүлэгч талтай тохироод байна.

Сургалтын материаллаг орчин бүрдүүлэх нэг хэрэг. Хамгийн гол нь сургалтын агуулга, чанар юм. Гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүмүүнлэг орчныг бүрдүүлэх замаар хүүхэд залуусыг ёс суртахуунлаг, хүнлэг энэрэнгүй хүн болгон төлөвшүүлэх нь боловсролын шинэчлэлийн нэг чиглэл юм. Бас үндэсний уламжлал, ёс заншлаа мэддэг, дээдэлдэг, эх оронч иргэн төлөвшүүлэх нь чухал. Чухамдаа мэдлэг боловсролдоо даяаршсан, уламжлал соёлоороо дангааршсан Монгол хүн л улс эх орноо хөгжүүлнэ.

Иймд боловсролын шинэчлэлд бид онцгой анхаарал хандуулж байгаа юм. Танай аймгийн ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, дээд сургуульд нийт 25 мянга гаруй хүүхэд, залуус суралцаж байгаа юм байна. Өвөрхангайчууд ирээдүй болсон энэ хүүхэд залуусын боловсрол, хүмүүжилд орон нутаг, боловсролын байгууллагын бүх хүн онцгой анхаарвал зохино. Уул уурхайд түшиглэсэн үндэсний аж үйлдвэржүүлэлт, төмөр зам, шинэ бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлж эхэлснээрээ манай улс хөгжлийн шинэ үе шатанд шилжиж байгаа юм. Энэ бол улс төр, нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг залгаж байгаа эдийн засгийн өсөлтийн, бодит бүтээн байгуулалтын 20 жилийн эхлэл гэдэгт эргэлзэхгүй байна. Ирээдүйдээ итгэлтэй байж, аймаг сум, орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж ажиллахыг Та бүхэндээ уриалъя.

Эдийн засгийн өсөлтийн хурд, хүчийг нэмэгдүүлэх, их бүтээн байгуулалтын зорилтуудыг бодит ажил хэрэг болгохын тулд Засгийн газар олон чухал арга хэмжээ авч, тодорхой шийдэл, бодитой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчны болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, бүхэлдээ эдийн засгийг ардчилах, илүү нээлттэй, чөлөөтэй болгох шийдмэг алхмуудыг  ээлж дараатай хийж ирлээ. Цаашид эрчимжүүлнэ.

Энэ он гарснаас хойш манай Засгийн газар эдийн засгийн форум, хөрөнгө оруулагчдын чуулга, Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан уулзалт, уул уурхай, барилгын болон бусад олон салбарын зөвлөгөөн, гадаадад байгаа монголчуудын анхдугаар чуулга, гадаад улс, олон улсын байгууллагатай хоёр талын болон олон талын уулзалт хэлэлцээ зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Энэ бүхний эцсийн зорилго нэг юм. Энэ бол эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөсөн том зорилтуудыг хэрхэн ажил хэрэг болгох, түүний үр дүнг аль болох ард иргэддээ хүргэх, хүртээх тухай юм.

Засгийн газрын бодлого зорилгын хэрэгжилт их бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн эцсийн эцэст хүнээс, иргэдийн итгэл сэтгэл, хүчин чармайлтаас хамаарна. Аливаа ажил хэргийн ард тодорхой хувь хүн, хамт олон байдаг. Түүхийг ард түмэн бүтээдэг гэдэг. Эдийн засгийн өсөлтийг хангах энэ том зорилт, их бүтээн байгуулалтын ажлыг хөгжлийн төлөөх хүсэл эрмэлзэлтэй эрч хүчтэй, орчин үеийн өндөр боловсролтой хүн л хэрэгжүүлж чадна. Тэгэхээр хөгжлийн төлөө хүн бол эдүгээ манай хамгийн үнэтэй , үндэсний эрхэм дээд баялаг төдийгүй нэн чухал хэрэгцээ болоод байна. Хөгжлийн төлөө хүн гэдэг бол хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэсэн сэтгэлгээгээр хоног өдрийг өнгөрөөж буй хүн биш. Өсөж дэвшихийн төлөө үргэлж сурч, боловсорч байдаг хүн. Маргааш хүрэх зорилтдоо өнөөдөр хүрэхийн төлөө махран зүтгэдэг, ажилч хичээнгүй хүн.

Эрхэм нөхөд өө
Манай орны эдийн засгийн нэг голлох бүтэц бол хөдөө аж ахуйн салбар билээ. Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тариа, бусад ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухай салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий биш, бүхэлдээ манай эдийн засгийн тэр дундаа хүнсний аюулгүй байдлын учир холбогдолтой, том зорилт гэдгийг хэлье.

“Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2010 онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр орон нутгийн хэрэгцээг хангах улмаар улсад нийлүүлж, энэ салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах өргөн боломж Өвөрхангайчуудад бий. Энэ тухай Хархорин суманд хэлсэн үгэндээ тодорхой дурдсан.

Өнгөрсөн онд Та бүхний хураан авсан үр тарианы хэмжээ өмнөх жилүүдийнхээс 4 дахин нэмэгдэж, газар тариалангийн “Техник үйлчилгээний дундын төв”-ийг шинээр байгуулж, Тарагт сумын “Хүрэмт”-ийн ашиглалтгүй байсан услалтын системийг ашиглалтад оруулан 48 га талбайг хашаажуулан, 50 шахам га талбайг төмс, хүнсний ногоо тариалах зорилгоор эзэмшүүлсэн зэрэг ажлын нааштай эхлэл байна. Энэ ололт амжилтаа улам бататгаж арвижуулахыг хүсье.

Мал аж ахуй бол манай уламжлалт үндсэн салбар билээ. Иймд Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,1 сая толгойгоор хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болсон. Танай аймаг мал сүргийн тоогоороо улсдаа эхний 3-т ордог. Гэвч өнгөрсөн өвөл, хавар ихээхэн хохирол үзэж, сая гаруй малаа алдаж 1000 гаруй өрх айл огт малгүй болжээ. Зудын хор уршгийг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газар саяхан тогтоол гарган “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ.

Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд малжуулах юм. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөг гаргаж, аймаг бүрт хуваарилсанаас танай аймагт 536 сая төгрөг оногдож байгаа.Зудын хохирлыг давахад Засгийн газрын хүчин чармайлтаас гадна аймаг орон нутаг, иргэдийн санал санаачлага, малчдын бэлтгэл нэн чухал. Бид дандаа “ниргэсэн хойно нь хашгирах”-ын үлгэрээр ажиллаж болохгүй. Энэ нь эдийн засгийн их хохиролтой. Зах зээлийн зарчимд харш гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон. Иймээс бид угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллах ёстой.

Энэ зорилгоор мал аж ахуйн салбарын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг саяхан Засгийн газар гаргасан. Уг тогтоолд маш тодорхой үүрэг даалгавар орон нутагт өгөгдсөн. Тухайлбал, танай аймаг өвс 1200 тн, тэжээл 400 тн, сум бүр өвс 100 тн, тэжээл 70 тоннийн нөөц бүрдүүлэх хуваарьтай. Ядаж энэ даалгаврыг биелүүлсэн байхыг бид шаардана. Зах зээл бол бүхэлдээ хариуцлагын тогтолцоо. Зуд бол байгалийн үзэгдэл мөн боловч нөгөө талаас хүний нийгмийн хариуцлагын нэг шалгуур юм.

Эрдэнэт мал сүргээ өсгөж, үр шимийг хүртэж амьдрах нь монгол хүнд бурхнаас өгсөн буян хишиг билээ. Үүнийг өнөөдөр зах зээлийн зарчим, шинжлэх ухаан, шинэ технологитой хослуулж чадвал монголын эдийн засаг, монгол хүний амьжиргаанд маш тустай. Ядуурлаас гарах нэг гарц мөн. “Монгол мал” хөтөлбөрийн гол зорилго, утга агуулга үүнд байгааг сануулж хэлье. Манай Засгийн газрын хамгийн гол үндсэн зорилго бол хүний асуудал юм. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ.

Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70000 төгрөг олгоод байгаа. Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр, тогтмол олгож байхаар саяхан шийдсэн. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000-оос доошгүй төгрөг байлгахаар тогтсон. Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалж байна. Ямар ч байсан иргэддээ 1,5 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр заавал хүртээх болно.

Мөн энэ оны 10 сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас өгч эхлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү иргэдээ мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээж байна. Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн зэргэцээ аж ахуйг удирдах арга барилдаа ч шинэчлэл хийхийг эрмэлзэж байна.

Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэсэн. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлнэ.


Хүндэт Арвайхээрчүүд ээ!
Танай аймаг хүн ам, малын тоо толгойгоороо улсдаа эхний 3 байрт тогтмол ордог манай улсын томоохон аймгийн нэг. Өвөрхангай аймаг нь дэд бүтцийн салбар түлхүү хөгжсөн, байршлаараа улсынхаа газар нутгийн төв цэгт оршиж, нийслэлтэйгээ засмал замаар болон төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан бүс нутаг юм. Мөн Бат-Өлзий сумын нутагт орших Орхоны хүрхрээ, Төвхөн хийдийн туурь, Хархорин сумын нутагт орших Эрдэнэзуу сүм, музей, Их хаадын хөшөө, дурсгал, Уянга сумын нутагт орших үзэсгэлэнт Хүйсийн найман нуур зэрэг Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн маршрутад хамаардаг байгалийн үзэсгэлэнт газартай, аялал жуулчлалын салбар хөгжих хамгийн ирээдүйтэй аймаг билээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндсэний хөгжлийн цогц бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Өвөрхангай аймгийн Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэхээр тусгаж, аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл-үйлчилгээг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөсөн нь бусад аймгаас давуу боломж олгож байна.

Сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, Арвайхээр хотод 1000 хүүхдийн хичээлийн байр, Арвайхээр, Хужирт сумдад 225 хүүхдийн цэцэрлэгийн байр ашиглалтад орж үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц гарч байна. Үүний үр дүнд тус аймагт хүүхдийн сургууль завсардалт, эх нялхсын эндэгдэл буурсан нааштай үр дүн гарсан байна.

Тус аймагт өнгөрсөн онд 27.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 1503 иргэнийг байнгын, 1204 хүнийг түр ажлын байраар хангаж, ажилгүйчүүдийн түвшин 0.2 хувиар буурчээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бодлого баримталж ажилласнаар жижиг, дунд үйлдвэрийн тоо 121, олгосон зээлийн хэмжээ 936,0 сая төгрөгт хүрч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 33,3 хувь болсон нь ажлын байр нэмэгдүүлэх нэг үндсэн эх үүсвэр болсон байна. Гэхдээ ажилгүйчүүдийн түвшин 4.9, ядуурлын түвшин 24.3 хувь байгаад дүгнэлт хийж ажиллах шаардлага байна.

Төрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, ил тод, шударга болгох шаардлага өнөө үед нэн чухал байна. Танай аймгийн нутгийн захиргааны байгууллагууд 2009 онд аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, “Төрийн албанд шударга, шуурхай, ил тод байдлыг бий болгох нь” аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөн, “Багийн ажил, үйлчилгээг шинэ шатанд гаргая” багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарын аймгийн зөвлөлгөөн зохион байгуулж, төрийн албан хаагчдын ажлын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, авлига, хүнд суртлаас ангид байлгах, сум, байгууллагуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд ажлаа мэдээлж тайлагнах, иргэдээс санал, хүсэлт, үнэлгээ, дүгнэлт авах, саналын хайрцаг ажиллуулах зэрэг олон хэлбэрийн ажил зохион байгуулсан нь төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлөх ажлын эхлэл болжээ. Цаашид улам чанаржуулан шинэ хэлбэрээр баяжуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Өвөрхангайчууд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, төр, нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, хөдөлмөр бүтээлийн алдартан, урлаг спортын мастер олныг төрүүлж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан ард түмэн билээ. Халхын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар Монгол түмний бахархал болсон оюун соёлын гарамгай зүтгэлтэн төдийгүй дэлхий дахины хүлээн зөвшөөрөгдсөн их соён гэгээрүүлэгч билээ.

Өвөрхангайчууд энэ эрхэм хүний үйл хэрэг, үзэл сургаал, гэгээн дурсгалыг мөнхжүүлэх санаачлага гарган, Өндөр гэгээний сэрэг дүр бүхий шүтээн урлалын цогцолбор байгуулах хөдөлгөөн өрнүүлснийг сайшааж, энэ ажлын бүтээн байгуулалтад Засгийн газраас бодитой дэмжлэг үзүүлэх болно. Тус аймагт ажиллах үеэрээ Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн гэр өргөө, Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хөшөөнд тус тус хүндэтгэл үзүүллээ.

Ирэх 2011 онд Та бид хамтдаа Эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойн хүрээнд Сайн ноён хан Намнансүрэнгийн “Музей, номын өргөө”-г барьж байгуулахад Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэхэд таатай байна. Мөн аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу Арвайхээр хотод дулааны цахилгаан станц барих асуудлыг судлах, эхний ээлжинд техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төсөв боловсруулах, Тарагт, Нарийнтээл сумын хүн эмнэлгийн барилгыг шинээр барих, Богд сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, Арвайхээр, Хархорин хотын инженерийн ба төвийн дулааны шугам сүлжээний урсгал болон их засвар, тэдгээрийн шинэчлэлд Засгийн газар онцгой анхаарч санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлэх бодлого боловсруулан ажиллах болно.


Эрхэм хүндэт Өвөрхангайчууд аа
Төр ёсны уламжлалтай, соёл түүхийн баялаг өвтэй, авъяас төгөлдөр, хөдөлмөрч хичээнгүй Та бүхэндээ хандаж төвшин төрийн түшиг хангай, түүх соёлын баян хангай, оюун билгийн өндөр хангай, онгод авъяасын оргил хангай, хөдөлмөр бүтээлийн алдрын хангай, хөгжил дэвшлийн манлай хангай байхын өлзий ерөөлийг дэвшүүлж, ирэх онд тохиох түүхт их ойн болон аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоо их бүтээн байгуулалтаар угтахыг хүсье.

Та бүхэндээ сайн сайхныг ерөөе.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах