Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболдын Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

Нийтэлсэн: - 2010/08/27 18:48 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Ерөнхий сайд С.Батболдын Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг

/ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ НЬ НЭГДМЭЛ ЗОРИЛТ МӨН /

2010 оны 8 дугаар сарын 27

Даланзадгад хот                              
Тавтай сайхан намаржиж байна уу, Өмнөговьчууд аа.

Уудам дэлгэр орны маань өлзийт үүдэн Өмнийн говь нутгийн ард иргэд Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.
Миний бие Монгол Улсын хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод яг 10 сар болж байна. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы болон Засгийн газрын хуралдаан, ОУ-ын болон  гадаад орны зочин төлөөлөгчдийн айлчлал, ажил хэргийн уулзалт, гадаад томилолт гэрээ хэлэлцээр, иргэд сонгогчдын уулзалт яриа, Үндэсний ба олон улсын хурал гээд онцгой нөхцөл байдал ба цаг үеийн шуурхай ажил хэрэг гэсээр орон нутгийн ард иргэдтэйгээ уулзаж учрах боломж нөхцөл хомс байлаа. Орон нутгийн хөгжил, хөдөөгийн хүн ардын нийгмийн асуудал Засгийн газрын онцгой анхааралд байсаар ирсэн, байх ч болно гэдгийг хэлье.

Засгийн газрын тэргүүний хувьд би энэ онд, бүр тодруулбал, ирэх оны улсын төсвийн үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө хөдөөгийн бүх аймгаар явж, төсвийн зарцуулалт, үр ашиг, үндсэн чиглэлээр баталсан зорилтуудын хэрэгжилт явц, төрийн ажил, үйлчилгээний хүртээмж, үр нөлөө, иргэдийн аж амьдрал, орон нутаг дахь бүтээн байгуулалт, цаг үеийн ажил төрөлтэй танилцах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймгаар 20-иод хоног явж, 5000 км замыг туулан 6300 гаруй иргэдтэй уулзаж, ахуй амьдрал, ажил хэрэгтэй танилцаад ирлээ. Орон нутаг бүр өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажлуудыг  хийж хэрэгжүүлэн, зарим үр дүнд хүрч байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулан бүтээлчээр ажиллаж, ахуй амьдралаа  дээшлүүлэх, аймаг, сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа. Үүний зэрэгцээ төр засгийн хэмжээнд анхааралдаа авч, нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх олон асуудал байгааг уулзаж учирсан аймаг, сумын удирдлага, иргэд хөдөлмөрчид санал болгож байлаа. Энэ талаар саяхан Засгийн газрын хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авахаар болсон.

Говь нутгийг зорьсон энэ удаагийн томилолт нь орон нутгийн төдийгүй улс орны хөгжлийн ирээдүйтэй шууд холбоотой Засгийн газрын  тэргүүлэх чиглэлийн ажлын явцтай газар дээр нь танилцах, асуудлыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх зорилготойгоороо онцлог юм.
Хамтарсан Засгийн газрын бодлогыг хамгийн товчоор “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн тодорхойлж байгаагаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ УИХ-ын индэр дээрээс илэрхийлснийг Та бүхэн санаж байгаа байхаа.

Тэгвэл Хүний хөгжлийг хангахын тулд эдийн засгаа хөгжүүлэх нь эн тэргүүний зорилт мөн. Эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур нь аж үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалт, гол хөшүүрэг нь хөрөнгийн зах зээл, сайн засаглал, хөдөлгөгч хүч нь бүтээлч сэтгэлгээтэй, боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай иргэн хүн билээ.

Энэхүү гурван хүчин зүйлийг нийтгэн нэгтгэж, эдийн засгийн өсөлтийг хангах гол түлхүүр, эхлэх цэг нь стратегийн ач холбогдолтой орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал гэж бид үзсэн юм.Энэ бодлого нь зөв байсныг бид зүүн говийн аймгаар хийсэн энэ ажлын айлчлалын үеэр дахин мэдэрлээ.Монголын их говь сэрж байна.Энд монгол орны маань ирээдүйн хөгжлийг тодорхойлох их бүтээн байгуулалтын төслүүд гараагаа хэдийнээ эхэлжээ. Өчигдөр зөвхөн нэг уурхайд очиход ажиллагсадын дундаж цалин 890000 төгрөг гэж мэдээлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хүний газар бэдэрч хөдөлмөр эрхлэхийн оронд эх орондоо мэргэжлээ үнэ төлбөргүй эзэмшээд, эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж хилийн чанадаас дутахгүй орлоготой ажиллаж амьдрах боломж бүрдэж байна гэсэн үг.Энэ боломж бололцоог улам өсгөн нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар та бүхэнтэйгээ хамтран чармайн ажиллах болно.

Иймээс Оюутолгойн хөрөнгө  оруулалтын гэрээг батлуулахын төлөө Засгийн газар тууштай ажилласны үр дүнд өнгөрсөн 4-р сарын эцсээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Энэ хүчин чармайлт талаар болсонгүй гэдэгт өнөөдөр бид итгэлтэй байна. Өчигдөр Оюутолгойн бүтээн байгуулалтын үйл явцтай газар дээр нь танилцлаа. Нийтдээ  5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах энэ том төслийн ажил гэрээ байгуулсанаас хойш эрчимтэй өрнөж, нийт хөрөнгө оруулалтынхаа гуравны нэг орчмыг Монголд нэгэнт оруулжээ.

Ажил  хэрэг энэ эрчээрээ өрнөвөл 3 жилийн дараа уурхай болон үйлдвэрлэлийн цогцолбор бүрэн баригдаж дуусах төлөвтэй. Тэр үед  Эрдэнэтээс 3 дахин  илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоо судлагаа бий. Эрдэнэт маань өнөөдөр дангаараа  манай ДНБ-ний 40 орчим хувийг үйлдвэрлэж байгаа гээд бод бүгдээрээ. Ямар их ирээдүйтэй бүтээн байгуулалт эхэлчихээд байгаа нь хэн бүхэнд төсөөлөгдөнө. Бодит байдал гэвэл өнөөдөр тэнд дэлхийн олон орноос ирсэн шилдэг мэргэжилтэнүүд бүхий 3500 гаруй хүн шилдэг технологи ашиглан ажиллаж байгаагаас 2600 гаруй нь монгол хүн байна. Энэ бол өчнөөн шинэ ажлын байр, түүгээр дамжаад төчнөөн гэр бүлийнхэн үр шимийг нь шууд хүртэж байна гэсэн үг. Бүхэлдээ Монголын бүх иргэд энэ орд газраас хувь хишгээ хүртээд эхэлчихсэн гэж хэлж болно. Иймээс Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх замаар хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй харилцан ажиллаж, энэ төслийн эцсийн үр дүнг үзэхийн төлөө тууштай ажиллах болно.

Засгийн газрын хэрэгжүүлж эхлэж  буй нэг том төсөл бол “Тавантолгойн орд” газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал. Энэ бол коксжих болон эрчим хүчний нүүрсний нүүрсний дэлхийд дээгүүр орох их нөөцтэй олон жил ашиглагдах, ингэхдээ жил бүр дунджаар 1,0 тэрбум орчим ам.долларын орлогыг улсын төсөвт оруулах бололцоотой стратегийн чухал орд юм.Энэ орд газрыг ашиглах үзэл баримтлал, бодлогыг УИХ-аар батлуулсан нь эхний чухал алхам мөн. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр байгалийн баялагаасаа хувь эзэмших, ашиг хүртэх, орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, Монгол хүн давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний томоохон компаниуд өсөн бэхжих бодлого, эрхзүйн үндэс баталгаажиж байгаа юм.

Энержи ресурс компани “Ухаа худаг” төслийн хүрээнд жил гаруйхны хугацаанд 1000 орчим ажлын байр шинээр бий болгож, ингэхдээ нийт ажиллагсадынхаа 40 гаруй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлж, монголын 500-аад аж ахуйн нэгж, компанийг төслийн гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчээр ажиллуулж байгаа нь бүс нутгийн хөгжилд төдийгүй улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
Энэ төслийн хүрээнд нүүрс олборлох, нүүрс баяжуулах,  гүн  боловсруулах үйлдвэрийг, дулааны цахилгаан станц, усан хангамж, орон сууцны хотхон, нисэх буудал зэрэг дагалдах дэд бүтцийн хамт цогцоор барьж байгуулах ажил ид явагдаж байсантай бид танилцсан. Энэ удаа төрийн өмчит Эрдэнэс МГЛ –ийн үйл ажиллагаатай танилцаж цаашид ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Ажил урагшилж дэвшиж байгаа нь тодорхой байна. Хөрс хуулалт эхлэж тоног төхөөрөмжөө авч 100 гаруй шинэ ажлын байр буй болон техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж оператор компанийг шалгаруулах ажлаа аль хэдийнэ эхэлжээ.Энэ ажлаа улам эрчимжүүлж ард иргэд аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх, олон улсын болон үндэсний хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах арга хэмжээг 2011 онд эхлүүлэх үүргийг Засгийн газраас холбогдох Яам, газрын удирдлагуудад өглөө.

Ирээдүйн Тавантолгойн бүтээн байгуулалтанд хувийн хэвшлийн ийм ур чадвартай, үүрэг хариуцлагатай үндэсний компаниудтай Засгийн газар  үр ашигтай түншлэн ажиллах бөгөөд цаашид тэдний өсөн бэхжих орчин, бүхэлдээ бизнесийн орчны шинэтгэлийг эрчимжүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. Өмнөговь аймгийг Монгол улсын хөгжлийн загвар аймаг болгон хөгжүүлэх зорилго тавигдаж байгаа билээ. Уул уурхай дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудын зэрэгцээ нутгийн иргэдийн нийгэм соёл, орон сууцны асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эдгээр асуудлуудыг тусгайлан авч үзэж Засгийн газарт ойрын хугацаанд танилцуулахыг холбогдох яам Өмнийн говийн хөгжлийн зөвлөл, аймгийн удирдлагад чиглэл болгож байна. Ураны орд газруудыг ашиглаж эхлэх нь говийн аймгуудын хөгжилд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжил,аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой. Иймд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших орд газрын талаар яриа хэлэлцээг эрчимжүүлж ашиглалтанд оруулах үүргийг өгсөн.

Газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эхнээсээ эхлэн олборлолтонд шилжиж байна.Иймд газрын тосыг түүхийгээр нь экспортлохоос гадна дотооддоо газрын тос боловсоруулах бэлтгэл ажлыг яаралтай хангах шаардлагатай байна. Энэ үүргийг Эрдэс баялаг, Эрчим хүчний яаманд өгч ойрын хугацаанд газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын хамт газрын тосны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Монголын их говь сэргэж байгааг ч дээр хэлсэн. Нүүрс зэс алтны  том төслүүд хүчээ авахын зэрэгцээ уран, газрын тос дэд бүтэц, хот байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлэх боломжийг Засгийн газар бүрдүүлэх ёстой.

Эрхэм нөхөд өө

Энд би өөрийн биеэр үзэж танилцсан хоёрхон газрын бүтээн байгуулалтын тухай дурдлаа.Үүнээс гадна танай аймгийн Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд гээд эх орны өнцөг булан бүрт уул уурхайн олборлох үйлдвэрлэл, түүнийг дагасан бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Ингэхдээ Монгол Улс уул уурхайн баялагаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн дагуу “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “Төмөр зам”, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг аварга том төслүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газар бэлтгэл ажилдаа ороод байна.

Хамтарсан Засгийн газраас хүчин чармайлт тавиад байгаа аж үйлдвэржүүлэлт, их бүтээн байгуулалтын зорилтууд нь хөрөнгө оруулалт, ажлын шинэ байрыг ихээр нэмэгдүүлэх, өндөр технологи, шилдэг менежмент, дэлхийн стандартыг нэвтрүүлэх, бизнесийн орчин, төрийн удирдлагын болон боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх замаар Монгол хүний хөгжлийн түвшинг ахиулах, хамгийн товчоор хэлбэл, хүний төлөө хөгжлийн бодлогын суурь үндэс юм гэдгийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ том аврага зорилт, их бүтээн байгуулалтыг хүн л хийж таараа. Ойрын 5 жилд 40 мянга гаруй ажлын байр шинээр бий болох төлөвтэй.

Их бүтээн байгуулалт шаардагдах боловсон хүчин мэргэжилтэй ажилтан, ажиллагсадыг бэлтгэх тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардалагатайг бид бүхэн сайн ойлгож байгаа. Өнөөдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 45000 залуучууд сурч байна.Үүнээс гадна саяхан Оюут толгой төслийн санхүүжилтээр 3300 ажилгүй иргэдийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сурган мэргэжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.Дэлхийн түвшний энэ шаардлагад уялдуулан МСҮ-ийн төвүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлж сургалтын тоног төхөөрөмж, сурах орчин нөхцөлийг сайжруулах дорвитой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх болно. Мөн хамтарсан засгийн газраас хүн рүү хандсан шууд хөрөнгө оруулалт буюу иргэдийн  орлогод дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Үүний тулд " Хүний хөгжлийн сан" байгуулж, иргэн бүрт олгох 1,5 сая төгрөгөөсөө эхний ээлжинд 70000 төгрөгийг олгосон. Та бүхэнд хүрсэн гэж ойлгож байгаа.

Мөнгийг бэлнээр бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартайг тооцож, цаашид сар бүр тогтмол олгож байхаар саяхан шийдсэн. Тухайлбал энэ оны 08 дугаар сарын 01 нээс эхлэн он дуустал иргэн сар бүр 10000 төгрөг, 2011 оноос эхлээд сар бүр 20000 төгрөг олгохоор тогтсон. Үлдэх 1,0 сая төгрөгийг иргэдэд  аль хэрэгтэй байдлаар нь буюу боловсрол, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцны , малчны болон бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр заавал хүртээх зорилготой ажиллаж байна.

Мөн энэ оны 10 дугаар сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Ийнхүү иргэдийг мөнгөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах талаар бид аль болохоор хичээн ажиллаж байна.

Бүтээн байгуулалтаар дамжуулан хүний хөгжлийг хангах чухал зорилтын зэрэгцээ Засгийн газрын онцгой анхааралд буй нэг асуудал бол байгаль орчныг хамгаалах зорилт мөн. Энэ бол эцсийн дүндээ цаанаа хүний хөгжлийн төлөөх төрийн бодлогын нэг хэсэг юм.  Учир нь байгаль бол бидний гэр орон, бүлээн дулаан өлгий, бүр амьдрал тэтгэгч эх булаг билээ. Бид амьсгалах агаар, уух ус, идэх хүнс ногоо ер нь хүний бүхий л хэрэгцээт бүх зүйлээ байгалиас шууд ба шууд бусаар авдаг. Гэвч эх болсон байгаль дэлхийтэйгээ  бид хэрхэн харьцаж байгаа билээ.  Эргэцүүлж нэг нухацтай бодож, эргэн тойрноо бодиттой харвал асуудал ноцтой байдалд хүрээд байгааг ойлгож ядах юмгүй. Тодорхой нэг улс үндэстний төдийгүй хүн төрөлхтний  ирээдүй бүхэлдээ байгальтайгаа цаашид хэрхэн харьцахаас шууд хамааралтай болоод байна.

 Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс ургамалтай манай орны байгаль экологийн хувьд  цаг уурын  өөрчлөлтийн  сөрөг үр дагавар ил шууд  мэдрэгдэх боллоо.  Дулааны улирлын хугацаа богиносон, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь мал аж ахуйн эдийн засаг дээр суурилсан манай хөдөөгийн ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Зөвхөн өнгөрсөн өвөл, хаврын байгалийн гамшгийн улмаас 9,7 сая мал хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болж, нийтдээ 57,5 тэрбум төгрөгийн шууд хохирол улсад учирсан тооцоо гарсан. Танай аймаг гэхэд л хагас сая гаруй малаа алдаж, 500 шахам айл өрх малгүй болж, ихэнх малчдын амьдрал ахуй эрс хүндэрсэн.

Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй огцом өөрчлөлт , байгалийн элдэв гамшигт үзэгдлүүд нь ихэвчлэн  хүний болчимгүй буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Иймд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг цөлжилт ихээр явагдаж буй говь нутагт зохион байгуулж, асуудлыг шийдэх гарцыг ард иргэдтэйгээ хамтран хэлэлцэх нь энэ томилолтын гол зорилгын нэг байсан.
 
Энэ зорилгын хүрээнд өнөөдөр Баяндалай сумын Гашууны хоолойд Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар, цаашид авах арга хэмжээний талаар БОАЖ-ийн сайдын мэдээллийг сонсож, уур амьсгалын өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд болон дэлхий дахинаа үүсэн бий болж байгаа ноцтой асуудлуудад олон улсын анхаарлыг хандуулахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад хандаж илгээлт гаргалаа. Энэ бүхэн зохих үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

Орон нутагт тэр тусмаа хөдөө хээр анх удаа хийж байгаа энэ удаагийн Засгийн газрын хуралдааны бэлтгэлийг зохих ёсоор хангасан орон нутгийн удирдлага, иргэд болон ирж оролцсон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл, зочдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

 Уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ уул уурхайн олборлолттой холбоотойгоор байгаль орчин, хөрс,  ургамал сүйдэж доройтож байгаа нь Өмнөговь аймагт илэрхий ажиглагдаж байна. Эндээс уул уурхай болон үйлдвэржүүлэлт нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн болгоомжлол гарч байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ шууд тийм дүгнэлт, гаргалгаа хийж хараахан болохгүй. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж чадвал бид энэ аюулыг тойрч гарах боломж бий.

Хариуцлагатай уул, уурхай  гэдэг бол байгальд ээлтэй, эдийн засагт үр ашигтай, хувь хишиг нь ард иргэдэд хүртээлтэй байх явдал гэж бид ойлгож байгаа. Тийм ч учраас орд газарт хөрөнгө оруулалт хийж, олборлолт, үйлдвэрлэл явуулах хүсэлтэй гадаад, дотоодын аль ч компанид энэ шаардлагыг тавьж, шалгуур үзүүлэлт тогтоон,  хариуцлага тооцож ажиллах болно. Тэгэхлээр өнөөдөр хайран газар шороо гэж халаглаж, шүүмжилж  харж суухын оронд зам, талбай зэрэг дэд бүтцийг нэн түрүүнд яаралтай барьж байгуулахыг үйл ажиллагаа явуулж буй компаниудаас шахаж шаардах, улмаар тэдний энэ талын бүтээн байгуулалтад гар бие оролцох нь иргэн хүний үүрэг болоод байна. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт, хөрсжүүлэлт, мод  бут, зүлэг, ногоо тариалах бүтээлч ажлыг өрнүүлэх замаар байгалийн эвдрэл доройтлыг сэргээн засахаас өөр үр дүнтэй арга зам үгүй гэдгийг хаана хаанаа ойлгох цаг болсон. Энэ талаар өмнөговьчууд та бүхэн эхлүүлсэн нааштай санал санаачилгаа идэвхжүүлэхийн хамт өмнөд хөршийнхөө бэлэн туршлагыг өргөнөөр хэрэгжүүлбэл зохино. Тэнд уул тал, говь цөлийг бүхэлд нь ногооруулж, ургамалжуулж байна. Мэдээж, энд хөрөнгө мөнгө хэрэгтэй.  Үүнийг байгалиас өөрөөс нь буюу уул уурхайн үйлдвэрлэлийн ашиг, орлогоос гаргаж байгаа. Тэгэхлээр уул уурхайг байгальд халтай бус, ээлтэй байдлаар эрхэлж болох арга зам бүрэн байна. Манай Засгийн газрын "ногоон эдийн засгийн бодлого" үүнд чиглэгдэж байгаа.

 Орон нутагт газрын эзэмшилт, ашиглалт, газар зохион байгуулалтад холбогдох байгууллага онцгой анхаарч, эхнээс нь хэтийн төлөвлөгөөтэй бодлоготой хийх хэрэгтэй. Танай аймгийн нутаг дахь орд газрын ашиглалтыг дагалдаж бий болох хот тосгоны хэрэгцээнд зориулж Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын тодорхой хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авсан Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь хуулийн дагуух үйлдэл бөгөөд эдгээр газруудад ирээдүйн хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байгаа. Энэ нутагт байгаа орд газруудыг аймгийнхаа хөгжлийн гол тулгуур болон байгальд сөрөг нөлөөлөл багатайгаар эргэлтэд оруулан ашиглахад лиценз эзэмшигч компани болон орон нутгийн удирдлага санаачилгатай ажиллаж, орчны  тэнцлийг алдагдуулахгүй, байгалиа хөнөөж бохирдуулахгүй байхад онцгой анхаарал хандуулахыг дахин сануулж байна.

Бүтээн байгуулалт, байгаль хамгаалал гэсэн хоёр сэдвийн дор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засаг, нийгмийн гол зорилтуудыг хураангуйлан Та бүхэнд сонголоо. Үүнээс гадна мал аж ахуй, газар тариалангийн салбарт манай Засгийн газар томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ талаар би бусад аймагт хэлсэн үгэндээ дэлгэрэнгүй дурдсан тул энд товчхон хэлье.

Мал аж ахуй бол орон нутгийн аж амьдралын үндэс. Өмнөговь аймгийн эдийн засгийн хөгжилд энэ салбар өнөөг хүртэл тэргүүлэх байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд цаашид ч мөн уул уурхайн салбартай хослон эрчимтэй хөгжүүлэх бодлого чиглэлийг баримталвал зохино.
 
Өнгөрсөн өвөл, хавар мал аж ахуйд учирсан хохирлыг арилгахад Засгийн газраас 6,8 тэрбум төгрөгийг  зарцуулсан бөгөөд   малгүй өрхүүдийг малжуулах арга хэмжээнд зориулан  нэмж 3,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэрийг  өнгөрсөн  7 сард гаргасан.
 
Цаашид МАА-н салбарыг бүхэлд нь сайжруулах зорилгоор "Монгол мал" хөтөлбөрийг боловсруулж дэс дараатай арга хэмжээ авч байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд малыг чанаржуулах, фермерийн аж ахуй хөгжүүлэх, мал аж ахуйн түүхий эд, ашиг шимийг иж бүрэн боловсруулах чиглэлээр орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг Засгийн газар хөрөнгө санхүүгээр дэмжихээр заасан. Энэ талаар танай аймагт ихээхэн боломж бий. Тус аймагт буй хилийн хоёр боомтоор гадагш урсаж байгаа малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийгээд гадагш гаргах нь ашигтай бизнесийн нэг байх боломжтой.

Засгийн газраас хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс " Атрын III аян"-ыг цаашид эрчимжүүлэх, энэ онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах зорилт  тавин ажиллаж байна. Танай аймагт  төмс хүнсний ногооны тариалалт  өнгөрсөн оны мөн үеэс буурч, харин тэжээлийн ургамал өссөн дүн мэдээтэй байна. Сүүлийн 10 жил тус аймгийн газар тариалангийн салбар өсөлт бууралттай явж ирсэнд дүгнэлт хийн цаашид тогтворжуулах, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллавал зохино. Саяхан   ХХААХҮ-ийн сайд  томилолтоор ажиллах явцдаа 20 хүлэмж, ХАА-н бага оврын 9 тракторын асуудлыг шийдвэрлэсэн нь аймгийн газар тариалангийн салбарын хөгжилд бага ч гэсэн бодит дэмжлэг болж байгаа гэж үзэж байна.

Ийнхүү Засгийн газар бүхий л салбарт тодорхой бодлого гаргаж, бодит ажлыг эхлүүлээд байна. Одоо энэ бүхнийг орон нутаг дэмжин дор бүрнээ хөдлөх, хийх, санаачлах хэрэгтэй байна. Үүний тулд орон нутаг руу чиглэсэн төрийн бодлого, өөрөө өөрийгөө хөгжүүлэх орон нутгийн санаачлага хоёр хослон нийлэх хэрэгтэй. Бид аливаа шийдвэрлэвэл зохих, бэрхшээлтэй асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд үйл ажиллагааны болон эрх мэдлийн зохистой бус “Төвлөрөл” нь ажил хэргийг зөв зохион байгуулж, хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэг хүчин зүйл юм. Иймээс Засгийн газраас төвлөрөлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Засгийн газраас улсын төсөв, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа, боловсон хүчний томилгоо, хяналтын  төвлөрлийг  багасгаж, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг  илүү тодорхой болгох замаар  иргэд  өөрийн асуудлаа өөрөө шийдэх  эрхийг нутгийн засаг захиргаанд шилжүүлэх зэрэг арга  хэмжээг авахаар төлөвлөж байгаа болно.

Эрхэм нөхөд өө

Монголчууд бид баялагтаа эзэн болж, хүний аюулгүй байдал хангагдсан амар тайван чинээлэг орон  болж хөгжих  алсын зорилтдоо хүрэхийн тулд засаглал  ойлгомжтой, хууль дүрэм  шударга, олон нийтийн хяналттай,  төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй,  төрийн үйлчилгээ  орон нутагт тэгш хүртээмжтэй хүрдэг, ажлаа иргэдээрээ үнэлүүлдэг байх ёстой. онгол Улсын Засгийн газрын “Хүний аюулгүй байдлыг хангах, сайн засаглал хөтөлбөр”, мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын  түншлэлийн харилцааг бэхжүүлэх,  засаглалын институцын чадавхи, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг  дээшлүүлэхэд чиглэсэн Төрийн албаны шинэтгэлийн өргөн хүрээтэй бодлого зорилтыг хэрэгжүүлж байгаа билээ.

Өмнөговь аймгийн хувьд  төрийн үйлчилгээний хүнд суртал бий болгосон дүрэм, журмуудыг хуульд нийцүүлэхээр сум, байгууллагын дарга эрхлэгч нарын захиргааны шийдвэрийг улирал бүр хянан зөвлөгөө туслалцаа үзүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааны  ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд  иргэд үнэлгээ өгөх  зэрэг  ажлын эхлэл бий болж байгаа нь зөв зүйтэй алхам юм.

Өмнөговь аймаг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын зорилтуудаа хэрэгжүүлэхэд зохих санаачилга гарган ажиллажээ. Тухайлбал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг өргөтгөн бэхжүүлж, уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг дотоод, гадаадад сургаж бэлтгэх, хөдөө сумдад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор "эмчийн орон сууц хөтөлбөр", "эмчийн тэтгэлэгт хөтөлбөр"-үүдийг "Оюутолгой"  төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Гэсэн  хэдий ч эх нялхасын эндэгдэл зэрэг анхаарал татсан асуудлууд байгааг сануулж хэлье. Тус аймагт ажлын байр шинээр мэдэгдэхүйц нэмэгдэж, аймгийн хэмжээнд үйлдвэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2009 онд өмнөх оноос 55,2 хувиар өсч, нэг хүнд ногдох хэмжээ нь 906,8 мянгаар өссөн нь бусад аймгуудынхтай харьцуулахад нааштай үзүүлэлт юм.

Орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах бодлогыг баримтлан Концессийн тухай хуулийн дагуу эргэн төлөгдөх нөхцлөөр хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж,  шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан нэн тэргүүнд шаардлагатай 80 бүтээлч ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа юм байна.

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нэмэгдэж буйтай холбогдуулан улсын төсвөөс орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ч жил бүр өсөн нэмэгдэж байгаа. 2010 онд танай аймагт Улсын төсвөөс 5,5 тэрбум төгрөгийн барилга байгууламж их засвар хөрөнгө оруулалтын ажил төлөвлөгдсөн нь өмнөх оноос 50 хувийн өсөлттэй байна. Энэ онд мөн тус аймагт бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 1,2 тэрбум, Эрүүл мэндийн салбарт 793,5 сая, боловсролын салбарт 2,4 тэрбум, эрчим хүчний салбарт 380,0 сая, хил хууль хяналтын салбарт 734,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засгийн  газраас олгосон билээ.

Өнөө үед цаг үеийн ажил буюу хадлан тариа, намаржилт, өвөлжилтийн бэлтгэл ажил Та бидний анхаарал хандуулах чухал асуудал болоод байна. Наадмын  дараахан Засгийн газрыг 7 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуй, эрчим хүчний болон зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай асуудлыг авч хэлэлцээд тогтоол гаргаж, улс орон даяар зохион байгуулалттай бэлтгэл ажлыг хангах үүрэг, даалгаврыг яамдын сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн Засаг дарга нар, салбарын яамд бус айл өрх бүр, малчин тус бүр хүйтний улирал эхлэхээс урьтаж, цаг хугацаатай уралдан олон талын бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатайг онцлон анхааруулъя.

Эрхэм хүндэт Өмнөговьчуудаа!

21 дугаар зууны Монголын говь нутгийн өнгө төрх өөдрөг, гэгээлэг байна. Өмнийн говь өнөөдөр онгон зэлүүд газар биш их бүтээн байгуулалтын талбар болж, эрдэс баялагынхаа үүцийг нээж, эх орны маань нэрийн хуудас болж байгаа нь бахархалтай.

Чухамдаа дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуай " Говь" хэмээх алдарт шүлэгтээ " Хөрсөн дороос ус гаргаж
                  Хөх цэнхэр тэнгис тогтооно
                  Хангайн модыг говь рүү нүүлгэж
                  Ханагар ногоон ой шуугиулна
                  Гандирсан хотын илбэн зургийг
                  Газар дээр хот болгож гараараа бид барих болно" хэмээн зөгнөн бичсэн нь өнөөдөр бодит байдал болж хувирах бололцоотой болжээ. 
Эх нутгийнхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шорооны төлөө эрэлхэгээр  тэмцэж, баатарлагаар хөдөлмөрлөж явсан  эх орончдын үр хойч болсон говьчууд та бүхэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож, өвөг дээдэс, ахмад үеийнхнийхээ өв  уламжлалыг бататган,  Монгол эх орон, говь сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

Өгөөмөр уудам, өгөөж баян говь нутагтаа уул уурхайн олборлолтыг дагасан эрин цагийн шинэ бүтээн байгуулалт өрнүүлж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрдэм соёл, урлаг спортоо улам баяжуулан хөгжүүлж, эв найртай элбэг хангалуун, чинээлэг сайхан аж төрөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!


 Буцаад ирэхэд булаг шиг, дахиад ирэхэд далай шиг байгаарай гэдэг  эртний сайхан ерөөлөөр энэхүү үгээ өндөрлөе өө.   

  Монгол Улс улам хөгжин цэцэглэх болтугай

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах