Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

Нийтэлсэн: - 2011/03/02 18:27 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Хатагтай, ноёд оо,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор хуран цугларсан Та бүхэнд чин сэтгэлийн мэнд хүргэе. Чуулга уулзалтыг зохион байгуулах ажилд идэвхи зүтгэлтэй оролцож буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

Та бид жил бүрийн эхний улиралд хөгжлийн бодлогын асуудлаа хэлэлцдэг сайхан уламжлал тогтож эхэллээ. Энэхүү чуулга уулзалт нь эрдэмтэн мэргэд, улс төрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, улс орны хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох нэгэн зорилгод чиглэгддэг. Энэ нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт төдийгүй иргэдэд өгөөжтэй юм. 

Эдийн засгийн чуулганыг ийнхүү өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулалт нь нээлттэй, олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан явагддаг болж байгаагийн томоохон илрэл юм. Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтыг “БИД ХАМТДАА ЧАДНА” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

Анхдугаар чуулга уулзалтаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийнзасаг зэрэг улс орны амьдралын нэн чухал асуудлаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал бизнесийн орчныг шинэчлэх жилийн хүрээнд олон ажил хийлээ. Энэ нь хувийн хэвшлийн салбарын боломжуудыг нэмэгдүүлсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын компаниуд хөл тавьж эхэлсэн нь үүний нэг илрэл юм. Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ баталлаа. Иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж, онлайн хэлбэрт шилжүүлж эхлээд байна.

Тогтвортой, ногоон эдийн засгийн өсөлтийг хангахын тулд говьд Засгийн газрын хуралдаан зохион байгуулж цөлжилтийн эсрэг тусгай хөтөлбөр батлан, “Говийн уриалга” гарган хэрэгжүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс өрсөлдөх чадварын судалгаагаар дэлхийд 117 дугаар байрнаас 99 дүгээр байрт орж урагшиллаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ дэлхийн 169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй  улс орнуудын эгнээнд орлоо.

Бидний туулах зам урт, хүрэх оргил өндөр, хийх ажлын цар их, хүрээ өргөн. Тиймээс хүний хөгжлөөр, өрсөлдөх чадвараар, нэг хүнд ногдох орлогоор богино хугацаанд томоохон ахиц дэвшил гаргахын тулд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, хамтдаа эрчимтэй урагшлах нь бидний гол зорилго юм. Иймээс энэ жилийн Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, Дэд бүтэц, Засаглал гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Энэхүү хэлэлцүүлэг бидний амьдралд тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

Монгол Улсын хөгжлийн бодлогын төвд нь хүн байх учиртай. Эдийн засгийн өсөлт нь эцсийн эцэст монгол хүний хөгжил түүний сайн сайханд зориулагдах учиртай. Монгол хүнийг хөгжүүлэхийн тулд дараах 4 чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж ажиллах шаардлагатай.

Нэгдүгээрт, засаглалыг сайжруулах ёстой.Засаглал зөв бол хөгжил нь зөв байх учиртай. Засаглалын механизм зөв зохион байгуулагдсан оронд нийгмийн хөгжил нь хурдацтай, баялгийн хуваарилалт нь оновчтой, иргэд нь амгалан тайван байдаг. Засаглалын механизмийг зөв төлөвшүүлж сайжруулснаар эрх мэдлийг зөв хуваарилж, улс төрийн намуудын эрх үүргийг тодотгон, ардчилалын сонгодог хэлбэрийг бий болгож, иргэдийн оролцоо, төрийн зохицуулалтыг тэгш хангах нөхцөл бүрдэх юм. 

Хоёрдугаарт, хөгжлийн стратеги чиглэлийг зөв тодорхойлох нь нэн чухал. Монгол Улсын хөгжлийн стратеги бол өнөөгийн бодит байдалд тулгуурлан ойрын болон урт хугацаанд улс орноо хөгжүүлэх дэс дараатай, алсыг харсан, цогцоор төлөвлөсөн бодлогуудын багц юм. Энэ нь зөвхөн өөдрөг мөрөөдлийн хэлхээс биш бодит тооцоонд эрэмблэгдсэн бодлогын цогц нэгдэл байх учиртай. Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэгдсэн хүрээнд авч үзэн зангидаж, хөгжлийн тэргүүлэх чиглэл рүү чиглүүлдэг механизм хэрэгтэй байна. Ингэснээр төрийн зохицуулалт жинхэнэ утгаар зөв болж, бүх зүйлийг төр дангаараа хариуцах бус, харин төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны оновчтой хэлбэр тогтох боломж бүрдэнэ.

Гуравдугаарт, хүний хөгжлийг хангахад бүх бодлого чиглэх учиртай. Монгол хүний боловсрол, мэдлэг, ур чадварыг эрс дээшлүүлж байж л бид улс орноо хөгжүүлнэ. Өнөөгийн байдлаар “Хүнээ хөгжүүлэх асуудал” нь манай нийгмийн тулгамдсан томоохон асуудал болоод байна. Хүнд бэлэн юм өгөхөөс илүү баялгийг хэрхэн бүтээх аргыг нь зааж өгөх чухал гэдэг.  Иймээс цэцэрлэгээс эхлээд их, дээд сургууль хүртэл бүх шатанд хөгжлийн өнөөгийн хэрэгцээнд нийцсэн боловсрол, мэдлэг олгож байх шаардлага тулгамдаж байна. Тиймээс бидний өмнө тулгамдаад буй энэ асуудлын гарцын талаар өнөөдөр та бүхэн нээлттэй хэлэлцэж шийдлийг нь зөв тодорхойлно гэдэгт найдаж байна.

Дөрөвдүгээрт, дэд бүтцийн хөгжилд онцгой анхаарал тавьж байна. Учир нь уул уурхай, аялал, жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, бүсчилсэн хөгжлийн ирээдүй дэд бүтцээс шууд хамаарна. Иймээс энэ удаагийн хуралдаанаар дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд анхаарч үзэхийг хүсч байна. Манай улсын хөгжлийн энэ тааламжтай цаг, боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Засгийн газар, Улсын Их Хурал бүтээн байгуулалтын дунд хугацааны шинэ хөтөлбөрүүдийг батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замуудыг судлан, Хөгжлийн банк болон санхүүгийн бусад шинэлэг арга, хэрэгслүүдийг бүрдүүлж эхлээд байна.

Бид урагш ахихын тулд хаана яваагаа зөв тодорхойлох нь чухал байна. Тэгвэл Дэлхийн банкны гишүүн 213 орныг хамруулсан орлогын ангиллаас авч үзвэл (Дэлхийн банкны Атласын аргаар тооцсон) нэг хүнд 1630 ам долларын орлого ногдож байгаа гэсэн үзүүлэлтээр манай улс “Дунд орлоготой орнуудын доод ангилал”-д, хөгжиж буй 56 улс орнуудын хамт багтаж байна. Энэ нь  бага орлоготой улс орнуудаас нэг хүнд ногдох орлогын үзүүлэлтээрээ 1.6 дахин өндөр, харин дунд орлоготой улс орнуудын орлогын түвшнээс 2.4, өндөр хөгжилтэй улс орнуудын орлогын түвшнээс 7.5 дахин бага орлоготой гэсэн үзүүлэлт юм.

Тиймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны хөгжлийн зорилт бол Дунд орлоготой орнуудын дээд ангилалд багтах (энэ шатны 56 улс орны эгнээнд), улмаар Хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй улс орнуудын эгнээнд  (эхний 85 улс орны эгнээнд) багтан ороход оршино. Үүнийг хэрэгжүүлэх бодлого, зорилт, шаардагдах цаг хугацаа, тодорхой алхамуудыг төр засаг, хувийн хэвшил, манай эрдэмтэн судлаачид, харилцан зөвлөлдөж, тодорхой шинжилгээ судалгааны үндсэн дээр тооцон гаргаж, стратегийн төслийг хамтран хэлэлцэх нь зүйтэй.

Бид шилжилтийн тухай 20 жил ярилаа. 2000 оноос хүн амын ядуурлыг бууруулах талаар олон хөтөлбөр, бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Гэвч шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд манай ядуурлын түвшин мэдэгдэхүйц буураагүй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 8 жилийн дунджаар 7.0 орчим хувийн эдийн засгийн өсөлттэй байсан боловч ард иргэдийн амьжиргаа, ядууралд дорвитой өөрчлөлт гарсангүй. Ийм учраас Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ээр зарлаж, тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.

Чуулганы нийт оролцогчид оо,

Илүү өндөр бүтээмжтэй, хүнд өгөөжтэй, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах вэ” гэсэн бодлого, хөгжлийн шинэ загварын тухай ярих нь энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго билээ. Энэ бол зөвхөн бидний өмнө бус, нийт дэлхийн өмнө тулгамдаж байгаа асуудал юм. Давосын эдийн засгийн форум, Вашингтоны Их 20-ийн уулзалт, Их-20-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нарын Парисын уулзалтын сэдвүүдээс үүнийг тодорхой харж болно. 

Манай хоёр хөрш ч мөн адил ойрын жилүүдийн хөгжлийн зорилт, стратегиа цаг үеийн алхаатай нийцүүлэн шинэчлэн тодотгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, хуралдаан зохион байгуулж байна.

Дэлхийн банк, Олон улсын Валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд ч дэлхийн хөгжлийн цаашдын бодлого, концепцийн талаар онолын болон практикийн хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж, ОУВС-аас санаачлан М.Спенсе, Ж.Штиглиц, О.Бланчард, Д.Ромер зэрэг өнөөгийн шилдэг эдийн засагчдийн төлөөллийг оролцуулсан “Хямралын дараах макро болон хөгжлийн бодлогууд” сэдэвт хэлэлцүүлгийг ойрын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Дэлхийн түвшинд хөгжлийн чиг хандлага хааш чиглэж байгаа, ямар эрсдэл тулгарч болох, түүнээс хэрхэн сэргийлэх арга замын талаар олон улсын шилдэг судлаач, эрдэмтэдийн зөвлөмж, хэлэлцүүлгийг бид бүх түвшиндээ байнга, анхааралтай сонсон судалж, үйл ажиллагаандаа үлгэр жишээ болгон тусган хэрэгжүүлж байх шаардлагатай.

Хөгжлийнхөө гараанд ирээд байгаа Монгол Улс урт хугацааны хөгжлийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэл, өсөлтийн бодлого, загварыг тодорхой болгож, өнөөгийн өөрчлөгдөж буй гадаад, дотоод орчин нөхцөлдөө нийцсэн байдлаар шинэчлэн боловсруулах шаардлага тулгарч байна. 

Иймд харьцангуй бодит хөрсөнд нийцсэн, амьдрах чадвар бүхий хөгжлийн зохистой загвар, үзэл баримтлалыг тодорхойлохын тулд улс орны эдийн засгийн бүтэц, шинж чанар, бодлогын орчин нөхцөл, гадаад хүчин зүйлсийг зөв тооцон тодорхойлох учиртай.

Гэхдээ хөгжлийн загвар, бодлогоо ямар байдлаар тодорхойлохоос үл хамааран дунд болон ойрын хугацаанд зайлшгүй хэрэгжүүлбэл зохих бэлтгэл ажлууд бий. Эдгээр нь мэдлэг чадвар бүхий, ёс зүйтэй ажиллах хүчнийг бэлтгэх, дэвшилтэт шинэ технологиос суралцаж нэвтрүүлэх, эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлогыг эмх цэгцтэй, тууштай удирдан авч явах чадвар бүхий сайн засаглалыг хөгжүүлэх явдал болно.

Өнгөрсөн жилүүдэд УИХ, Засгийн газраас баталсан олон хөтөлбөр, төслүүд бидэнд байна. Харин эдгээр олон зорилтыг ямар санхүүгийн эх үүсвэрээр, ямар цаг хугацаанд, хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар цэгцтэй бодож, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг олон улсын стандарт жишиг, туршлагын дагуу хэрэгжүүлдэг байх цаг нэгэнт иржээ.

Та бүхнийгээ чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс орны хөгжилд хэрэгтэй чухал санал, санаачилгуудыг гаргана гэдэгт итгэж байна.

Монгол Улсын хөгжлийн зөв зам гарцыг тодорхойлцгооё. Иргэн бүрт хөгжлийн тэгш боломжийг бий болгоцгооё.    

Анхаарлаа хандуулсанд баярлалаа.

2011.03.02.     Төрийн ордон

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах