Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн С.Батболд Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хурал төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл өргөн хүрээнд оролцож, амжилттай явагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатарт төвтэй "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв"-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улс болон олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Дашрамд дурдахад, Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форум Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Хурлын үйл ажиллагаанд Монгол, БНХАУ, БНСУ, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаа аж.